Б.Мандхай: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” эдийн засгийн хамтын ажиллагаагаар өргөжиж байгаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2023-06-15 13:09:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүс нутагт аюулгүй байдлыг хангаж, энх тайвныг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын санаачилсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал өнөөдөр эхэллээ.


Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн бага хурлаар “Цар тахлын дараах бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Азийн эрчим хүчний шилжилт дэх цахилгаан дамжуулах сүлжээний уялдаа холбоо” зэрэг олон талт ажиллагааны хэд хэдэн асуудлыг хөндөж байна. Энэ талаар ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Б.Мандхайгаас тодрууллаа.


Тэрбээр, “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-гээр сүүлийн жилүүдэд эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх асуудлыг хэлэлцдэг болсон. Энэ жилийн бага хурлын нэг онцлог нь эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний салбарыг хөндөж байгаа. Эдийн засаг, эрчим хүчний чиглэлээр судалгаа явуулдаг олон улсын судлаач, эксперт шинжээчид хүрэлцэн ирээд байна. Тиймээс энэ салбарын яриа хэлэлцээ нэлээн идэвхтэй өрнөнө гэж үзэж байгаа.


Салбар хуралдаанууд уламжлалт болон уламжлалт бус харилцаа, цар тахлын дараах улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүчний хэлхээ холбоо зэрэг өргөн хүрээний сэдвээр болно. Түүнчлэн оролцогчдын түвшин өргөжиж байгааг хэлэх нь зүйтэй байх. Тодруулж хэлбэл, “Улаанбаатарын яриа хэлэлцээ"-нд эрдэмтэн судлаачдаас гадна 2017 оноос эхлэн төр, засгийн түвшинд оролцдог болсон. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга гээд төр, засгийн нэгдүгээр түвшний төлөөлөл бүхий албаны хүмүүс оролцож эхэлсэн. Ийм хүмүүс оролцсон нэгдүгээр түвшний гэж хэлж болох хуралдааныг зохион байгуулж буй нь энэ удаагийн бага хурлын бас онцлог болж байна.


Монгол Улс уламжлалт яриа хэлэлцээг цар тахлын нөхцөл байдал намжиж арилаагүй байсан өнгөрсөн жилүүдэд ч тасалдуулалгүй зохион байгуулсан. Энэ жилийн хуралдаан цар тахлын дараагаар болж буй учир өмнөхөөс олон төлөөлөл оролцож байна. Мөн анх удаа “Ирээдүйн энх тайван” уриан дор Зүүн хойд Азийн аюулгүй байдал, энх тайвны асуудлаар залуу судлаачдын хуралдаан болж байгаа. Энд орон орны залуу судлаач нар оролцож,  бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвны асуудлыг хэрхэн, яаж зохицуулах талаар санал бодлоо солилцоно. 


“Улаанбаатарын яриа хэлэлцээ-2023”-д Зүүн хойд Азийн орнуудаас гадна Канад, Эстони, Франц, Казахтсан, Филиппин, Турк, АНУ, Вьетнам, Нидерланд зэрэг орны төлөөлөгчид, дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид оролцож байна гэв.


Тодруулга: Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгохыг тууштай зорьж ирсэн юм. 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ" зохион байгуулж байх санаачилгыг дэвшүүлж, энэ талын олон улсын бага хурлыг 2014 оноос зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ