СЭЛЭНГЭ: Д.Норжмаа: Улирал бүр бүтээгдэхүүний дээжээ шинжилгээнд өгдөг

ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ
otgontsetseg@montsame.mn
2024-01-03 13:22:10

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 02 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багт багш мэргэжилтэй гэр бүлийн хоёр хос өрхийн үйлдвэрлэл эрхлээд багагүй хугацаа элээж байна. Өрхийн тэргүүн, физикийн багш мэргэжилтэй М.Гантөгс, түүний эхнэр, биологийн багш мэргэжилтэй Д.Норжмаа нар энэхүү үйлдвэрлэлийн санаагаа цар тахлын үед цахимаар хичээллэж байх үедээ олжээ.


Ингээд гэрийн эзэгтэй Дорждамбын Норжмаатай хийсэн ярилцлагаа хүргэе.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Танай төгс эко бүтээгдэхүүнүүд аль хэдийн хэрэглэгчийн таашаалд хүрсэн байна. Компаниа танилцуулахгүй юу?

-Манайх Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багт үйл ажиллагаагаа явуулдаг. “Төгс  эко  коллаген” нэртэй ХХК. Манайх 2 ажилтантай. Бид үйл ажиллагаагаа 2020 оны 2 сараас эхэлсэн. Бид эхлээд үхрийн шийрийн царцаамаг үйлдвэрлэж эхэлсэн. Түүнийгээ аймгийн МХГ-ын /мэргэжлийн хяналтын газрын/ лабораторид шинжлүүлээд худалдаанд гаргаж эхэлсэн. Тэгээд бас шинжилгээний бичгээ авч, баар кодын газраас баар кодоо авсан.


-Хичнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?

-Өнөөдрийн байдлаар манайх махтай царцаамаг, төгс царцаамаг, үхрийн хэл, үхрийн толгойны махаар хийсэн жигнэсэн мах, үхрийн шийрээс гаргаж авсан 100 хувийн коллагентэй үе мөчний тос гэсэн 5 бүтээгдэхүүн гаргаж байна.


-Бүтээгдэхүүнээ хаагуур борлуулж байна. Борлуулалт хэр байдаг вэ?

-Аймагтаа төдийгүй бусад аймаг, сумдын иргэдэд бүтээгдэхүүнээ борлуулж байгаа. Аймагтаа болохоор борлуулалтаа “Баян” дэлгүүр болон гэрээт хүмүүсээрээ дамжуулан хийдэг. Мөн Улаанбаатар, Дархан-Уул аймагт захиалгаар үйлчилж байгаа.


-100 хувийн коллагентэй үе мөчний тос хийдэг гэж байна. Энэ тосны үр дүн гарч байна уу. Тухайлбал хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг  хэрхэн мэдэрч байна вэ?

-100 хувийн үр дүнтэй байгаа. Манай тос арьсанд харшил өгдөггүй, үе мөч, нуруу, бөөрний өвчин төдийгүй тал харвасан хүнд хүртэл түрхэж хэрэглэж байгаа. Өвчин намдаахаас гадна мэдээгүй болсон гар, хөлийг мэдээ оруулж байна гэсэн сайхан мэдээг бид сонсоод баярлаж байгаа.  

Мөн кето дэглэм барьдаг эрүүл хооллолттой хүмүүс манай үйлдвэрлэж байгаа шар тосыг хэрэглэдэг. Үүнийг усанд уусгаад шууд ууж, дотроосоо коллаген авах маягаар хэрэглэж байна. Өндөр настай хүмүүс үе мөчиндөө түрхэж байгаа нь их үр дүн өгч байгаа.  


-Ямар технологи хэрэглэж байна. Бүтээгдэхүүнээ хэрхэн үйлдвэрлэдэг вэ?

-Ерөнхийдөө уламжлалт аргаар хийдэг. Үхрийн шийрээ өөрсдөө хуухалж, өөрсдөө угаадаг. Тусгай угаагч машин байдаг. Манай бүтээгдэхүүнүүд экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ давуу. Ямар ч нэмэлт бодис ордоггүй. Тосоо бид үхрийн шийрийнхээ анхны чаналтаар гаргаж авдаг. Цэвэр тос байгаа. Түүнээсээ мөн царцаамгаа хийж байна.


-Хадгалалт, тээвэрлэлт гээд хүнсний бүтээгдэхүүн учраас стандарт нэлээд шаарддаг болов уу?

-Бидэнд хаягдал бүтээгдэхүүн гэж байдаггүй. Хадгалалтаа зориулалтын хөргүүрт хадгалж байна. Манайх сав баглаа боодолдоо маш их анхаарч ажилладаг. Тухайлбал шилэнд хадгалсан зүйл удаан хадгалалтыг даадаг. Ямар нэгэн бохирдол, агаар ордоггүй. Үүнийг бид яаж нотолж байна гэхээр улирал бүр бүтээгдэхүүний дээжээ шинжилгээнд өгдөг. Эндээс харахад ямар нэгэн зөрчил илэрдэггүй. Иймээс сав баглаа боодол маш их чухал юм гэдгийг анзаарсан.


-Төгс эко коллагентай тосныхоо талаар дэлгэрүүлж өгнө үү?

-100 хувийн үхрийн шийрнээс гаргаж авсан, коллагентай үе мөчний тос гаргаж байна. Коллаген нь арьсыг толигор, уян хатан, өнгөлөг байлгаж, арьсны чийглэг эрүүл байдлыг хадгалах үүргийг гүйцэтгэдэг шүү дээ. Мөн ясыг хэврэгшиж, хугарaхаас хамгаалж,  ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлдэг. Бас судасны  хөгшрөлт, артерийн судасны хатуурал, даралт ихсэхээс сэргийлж, үе мөчний залуу байдлыг хадгалж, ясны зөөлөн эд үрэгдэж элэгдэхийг багасгадаг.


Түүнчлэн үс, хумсыг бэхжүүлэн, хугарч гэмтэхийг багасган эрүүл ургалтыг дэмжиж өгдөг сайн талтай. Одоо манайхан 50 нас гараад л хөл, гар нь өвддөг болсон байна. Иймээс манай үйлдвэрлэж байгаа тосыг нуруу, өвдөг, хүзүү, тохой, хөлийн шагай гэх мэт үе мөчний өвдөлтдөө түрхэж хэрэглэхэд өвчин намжаана.

Булчин зангирлыг суллаж үе хоорондын шингэн, мөгөөрсний зөөлөн эдийг төлжүүлж, арьсанд тэжээл өгч чийгшүүлнэ. Тосыг хуян хөөрөх, нуруу, үе мөчний өвдөлт өгч  байгаа хэсэгтээ түрхээд 2-5 минут иллэг хийж өгнө.


-Царцаамгаа танилцуулахгүй?

-Монголчууд бид шийр хуйхлан чанаж, истүүжин буюу царцаамаг хийж идэж ирсэн уламжлалтай. Бидний энэхүү уламжлалт хүнс нь коллаген маш ихээр агуулдаг. Коллаген нь арьсны уян хатан чанарыг үүсгэхээс гадна үений бүтцэд оролцдог уураг юм. Хүнсээр коллаген сайн авснаар арьс уян хатан байх, үе мөч бүтцээ алдахгүй байх суурь бүрддэг.

 

Мөн жирэмсний үед коллаген хангалттай байх нь арьсны уян хатан чанарыг сайжруулж арьс язрахаас сэргийлдэг талтай. Жирэмсний үед жин нэмж том үеүдэд ачаалал нэмэгддэг учраас коллагеныг хүнсээрээ авч үе мөчөө дэмжих хэрэгтэй.

 

Мөн спортын хүнд дасгал хийдэг тамирчид хүртэл үеэ хамгаалахын тулд коллаген агуулсан хүнс хэрэглэдэг.

 

Иймээс хүнсэнд коллагены агууламж өндөртэй, эко хүнс болох царцаамаг идэж байхыг зөвлөе. Нэмж хэлэхэд коллагены нийлэгжилтийг витамин с идэвхжүүлдэг сайн талтай.

 

-Үхрийн хэл чанаад худалдаанд гаргаж байгаа юмаа даа?

-Манай компани үхрийн чанасан хэл үйлдвэрлэж байна. Үхрийн хэлэнд цайр, төмөр хоёр ихээр агуулагддаг. Иймээс дархлааг сайжруулж, ханиад томуунд тэсвэртэй болгодог. Энэ мэт манай бүтээгдэхүүнүүд эко, цэвэр гэсэн чанарыг бүрэн хангасан бүтээгдэхүүн болж байгаа юм.

 

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ