ОРХОН: “Эрдэм хакатон” уралдаанд пассив хүлэмж барих төсөл шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-04-29 09:08:07
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/ ШУТИС-аас санаачлан зохион байгуулдаг “Монголын инновацын 7 хоног” өдөрлөгийн “Инновацын түншлэл" үндэсний форум, Инновацын бүтээлийн үзэсгэлэн Орхон аймагт боллоо.

 

ШУТИС нь “Монголын инновацын 7 хоног” өдөрлөгийг энэ сарын 22-ноос Улаанбаатар хотод зохион байгуулж гарааны бизнесийг шалгаруулах ёслол болон “Инновацын түншлэл” үндэсний форумыг энэ сарын 28-нд Орхон аймагт зохион байгуулснаараа онцлог болсон юм.

 

Монголын гарааны бизнесийн шилдгүүд Орхон аймгаас гаралтай төдийгүй таван хүн тутмын нэг нь инженерийн салбарт ажилладгаараа Эрдэнэт хот онцлогтой. Мөн Монгол Улсаас анх удаа Шинжлэх ухаан, технологийн паркийг Эрдэнэт хот байгуулсан гээд давуу тал их бий.

 

Иймд ШУТИС энэ удаа “Эрдэнэт” ШУТП-тай хамтран Инновацын түншлэл" үндэсний форум, Инновацын бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж, гарааны бизнес эрхлэгчдийн дунд зарласан “Эрдэм хакатон” уралдаанаа дүгнэлээ. Тус уралдааны хөдөө аж ахуйн салбараас биогенетикч Г.Батбуян “Пассив хүлэмж барих” төслөөрөө шалгарч 20 сая төгрөгийн дэмжлэг авлаа.

 

“Пассив хүлэмж” төсөл нь зуны хүлэмжийг өөрчилж жилийн гурван улирал ажиллах боломжтой болгож байгаа юм. Ингэснээр үрсэлгээгээ эрт тарьж 6 дугаар сараас эхлээд хүнсний ногоогоо хурааж хэрэглэх давуу талтай. Цаг уурын нөхцөлөөс шалтгаалж монголчууд 7, 8 дугаар сараас шинэ ногоо хэрэглэж эхэлдэг бол пассив хүлэмжийг дэлгэрүүлснээр өрхийн тариаланчид тариалалтаа эрт эхлүүлж чадах юм. 





Холбоотой мэдээ