ХОВД: Шилдэг багш, оюутнуудыг урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-29 11:18:40

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Ховд их сургууль буюу МУИС-ийн Баруун бүсийн сургууль нь 1500 гаруй суралцагчтай.

Энэ хичээлийн жилээс эхлэн тус сургуульд эрэлттэй мэргэжлээр амжилттай суралцаж буй Ховд аймгийн харьяат оюутнуудад Засаг даргын нэрэмжит тэтгэлэг олгохоор болсон юм. Энэ хүрээнд нийт 80 оюутанд 80 сая төгрөгийн тэтгэлэг олгоно.

Энэ удаа 2024 оны хоёрдугаар улирлын тэтгэлэгт тэнцсэн 40 оюутан батламжаа хүлээн авлаа.  


Үүний дотор элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноо авч, МУИС-ийн Баруун бүсийн сургуульд элссэн нэгдүгээр дамжааны 12 оюутан байна. Мөн математик, физик, хими, гадаад хэл, монгол хэл, бага ангийн багш мэргэжлээр хамгийн өндөр голч оноотой суралцаж буй 16 сум болон аймгийн төвийн 12 багийн төлөөлөл болох 28 оюутан байгаа ба тус бүрд нэг сая төгрөгийн батламж олгожээ.




Түүнчлэн
ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангийн математик, монгол хэлний хичээлийн чанарын үнэлгээ болон сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийн хичээлийн олимпиадад амжилттай оролцсон нэр бүхий багш нарт шагнал гардууллаа. 

Математикийн хичээлийн чанарын үнэлгээнд 24 сургуулийн 66 бүлгийн 1073 сурагч, монгол хэлний хичээлийн чанарын үнэлгээнд 66 бүлгийн 980 сурагч гээд нийт 2053 сурагч хамрагдаж, нэр бүхий 20 багш тэргүүлжээ.

Харин сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийн хичээлийн олимпиадыг энэ жил "Хөгжим, хөдөлгөөн эрүүл мэнд” сэдвээр хоёр  үе шаттай зохион байгуулахад 12 багш  мэдлэг, ур чадвараараа манлайлсан байна.

Ийнхүү шилдгээр шалгарсан багш, оюутнуудын шагналыг энэ сарын 26-нд Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа гардуулан өгч, баяр хүргэв.



Холбоотой мэдээ